Дайн дахь тэмцэл
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны эрдэм бол- жанжин Эзэн Хаанаасаа тушаал авч, цэргийн хүчээ бүрдүүлэн цуглуулж, дайсантай сөргөлдөөнд орж, байршилаа эзэлдэг. Гэвч дайнд тэмцэл шиг хэцүү юм үгүй.
2. Дайн дахь тэмцлийн хамгийн хэцүү нь тойруу замыг тэгшилж, гай бартааг ашиг хонжоо болгоход оршдог юм. Ямар нэгэн тойруу зам сонгосон нэгэн, дайснаа ашгаар самууруулан түүний дараа хөдөлсөн ч, дайснаасаа түрүүлэн ирдэг. Энэ хүн бүслэх арга ухааныг ойлгож байна.
3. Дайн дахь тэмцэл ашигт хүргэж, дайн дахь тэмцэл мөн аюулд хүргэдэг. Ашиг хонжооны төлөө хамаг хүчээ босгосон боловч, зорилгодоо хүрдэггүй. Мөн ашиг хонжооны төлөө их цэргээ орхивол, арын хангамжийн хүч алдагдана.
4. Зуун бээрийн тэртээгээс хөө хуягаа тайлан хөнгөлж, өдөр шөнөгүй, мөн чиглэлээ уртасган, нүүдлээ хурдасган яаруулбал бүх гурван их цэргийн хүчний жанжид дайсны олзонд алдагддаг. Хүчтэй нь явж, сул нь хоцорно- улмаар хамаг хүчнээс аравны нэг хүрэх газартаа хүрдэг. Ашгийн төлөө 50 бээрийн цаанаас довтолбол, цэргийн хүчнээс хагас нь хүрэх газартаа хүрдэг. Гучин бээрийн цаанаас тэмцэхэд, гуравны хоёр нь байрандаа хүрдэг.
5. Цэргийн хүчинд хангамжийн хүч байхгүй бол, цэргийн хүч сүйрнэ. Хоол хүнс үгүй бол сүйрнэ, сэлгээ үгүй бол мөхнө.
6. Тэр учраас тайж нарын бодож буйг мэдэхгүй бол, холбоо сүлбээ босгож чадахгүй. Байдлыг ба уул ус, мод, жалга хонхорхой, уул хадны уруу намыг ба намаг шавхайтай байршил мэдэхгүй нэгэн цэрэг хөтлөн явж чадахгүй. Нутгийн замчидтай холбоо тогтоогоогүй нэгэн газар зүйн байршлын давуу тал ашиглаж чадахгүй.
7. Дайнд хуурмаг байдлыг сонгож, ашигтайгаар сэтгэж, хуваалт ба нийлэлтийн өөрчлөлтийн дагуу өөрчлөлтөө явуулдаг.
8. Салхи мэт хүчтэй; ой мод мэт аажим тайван, гал мэт хоослон шатааж, уул мэт нам тайван, харанхуй мэт битүүлэг, хөдөлгөөн бүр аянга ниргэх мэт.
9. Тосгон дээрэмдэхэд цэргийн хүчээ хуваана; газар нутаг эзэмдэхэд өөрийн хүчээр ашигтай газар эзэлнэ.
10. Бүгдийг сайтар бодож тунгаан хөдөлдөг. Хэн чиг ба тойруу замын арга барил мэднэ үү- тэр нь л ялна. Энэ бол дайн дахь тэмцлийн эрдэм юм.
11. Их Цэргийн Удирдах сударт бичсэн байдаг: нэг нэгэнтэйгээ ярьлаа ч, юу ч сонсохгүй. Тэр учраас бөмбөр хэнгэрэг бэлддэг. Нэг нэгнээ хардаггүй, тэр учраас туг дарцаг бэлддэг" гэж. Бөмбөр хэнгэрэг, туг дарцаг хүмүүсийг хооронд нь нийлүүлж, нүд чихийг нэгэн чигт чиглүүлдэг. Бүгд нэг юманд төвлөрч, зоригтой нь ганцаараа урагшаа гарч чадалгүй, хулчгар нь ганцаараа зугтаж үл чадна. Энэ бол олныг удирдах эрдэм юм.
12. Тэр учраас мөн шөнийн тулаанд олон гал асааж ба бөмбөр нүддэг. Үүгээр дайсны чих нүдийг төөрөгдөлд оруулж, дайсны цэргийн сүнсийг нь, жанжных нь зүрхийг үхүүлж болно.
13. Өглөөгүүр цовоо сэргэлэн, өдөр нь нозоорон залхуурч, шөнө нь гэртээ харих бодолд автдаг. Дайтаж чаддаг нэгэн, дайснаа өглөөгүүр цовоо сэргэлэн байх үед тулахаас сэргийлж, залхуурч нозоорсон эсвэл гэртээ харих бодолд автсан үед довтолдог. Энэ бол сэтгэлийг залан удирдах эрдэм.
14. Эмх цэгцтэй байдалд эмх цэгцгүй байдал хүлээнэ, тайван байдалд үймээн хүлээнэ; энэ бол зүрхийг залан удирдах эрдэм юм.
15. Ойр байж, хүчээ сойн холыг хүлээнэ, бүрэн хүчтэй байж ядарсныг хүлээнэ, өөрөө цатгалан байж өлөнгүүдийг хүлээнэ. Энэ бол хүчийг залах эрдэм юм.
16. Дайсны бүрэн бүтэн жагсаалын эсрэг бүү довтол; дайсны туг эзлэх боломжгүй үед бүү дайр; энэ бол өөрчлөлтийг залан удирдах эрдэм юм.
17. Дайтах эрдмийн дүрэм бол: дайсан өндөрлөг газар дээр байвал чигээр бүү дайр. Түүний ард өндөрлөг байвал өөдөөс нь харж бүү байрла. Хуурамчаар зугтаж байвал бүү дага. Өгөөш өгч байвал, бүү ав. Дайсны цэрэг гэртээ харьж байвал, бүү зогсоо. Дайснаа бүсэлбэл нэг талыг нь нээлттэй орхиж бай. Дайсны цэрэг гарцаагүй байдалд орсон байвал бүү шах. Энэ бол дайтах эрдмийн дүрэм юм.